Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-09-01

БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Ангилал: Копи & Пэст

БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

2009 оны 11-р сарын 10, Нийтэлсэн үйлдвэрчний хороо

                                                           Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                                2007 оны 41 дүгээр тушаалын хавсралт

  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН  БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 Нийтлэг үндэслэл

             Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрахад нь суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг баталгаа нь багшаас мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм.

             Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын “Үндсэн хууль”,  бусад хууль тогтоомж, “Боловсролын тухай” багц хуулиар тогтоосон багшийн эрх, үүрэг, түүнчлэн НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенци”-д заасан хүүхдийн эрх, ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдсон эрхийн заалтууд байна.

 Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш энэхүү “Багшийн ёс зүйн дүрэм”-д захирагдана.

 Нэг. Багшийн ёс зүйн дүрмийн зорилго

           1.1.Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад  оршино.

          1.2.Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.

                                     Хоёр. Багшийн ёс зүйн хэм хэмжээ

 2.1 “Боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай” хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:

             2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,

             2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр  сургууль завсардуулахгүй байх,

             2.1.3  Суралцагчийн хувийн  нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,

             2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,

             2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,

             2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,

             2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах.

 2.2 Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд:

             2.2.1 Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин шүтлэг, улс төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын харилцаанд гэр бүл, эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах,

             2.2.2 Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө хариуцаж, суурин болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлогт тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол үзүүлэх,

             2.2.3 Боловсролын үйлчилгээ, түүний чанартай холбоотой эцэг эхийн санал, шаардлагыг хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих,

             2.2.4 Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг хүргэхгүй байх,

 2.3 Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд:

             2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,

             2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,

             2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх,

             2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах,

             2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх,

            2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах.

 2.4 Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд:

             2.4.1 Багш нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус албан тушаалд сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байх,

             2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх,

             2.4.3 Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын тоног төхөөрөмж, сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох,  нийлүүлэлтэд оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг урьдал болгох.

 Гурав. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт

 3.1 “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн багшид, “Хөдөлмөрийн хууль” “Багшлах эрх олгох, хасах журам”, “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана.

 3.2 Ёс зүйн зөрчил гаргасан багшид хүлээлгэх хариуцлага нь нийгэм, байгууллага, суралцагчдад учруулсан хор хохиролд нь тохирсон байна.

 3.3 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус  “Ёс зүйн зөвлөл” (Цаашид “зөвлөл” гэнэ) ажиллана.

             3.3.1 Зөвлөлийн гишүүдийг аймаг, нийслэлийн багш нарын бага хурлаас  сонгоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын арга зүйч, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл орно. Зөвлөл 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

             3.3.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журамд үндэслэн аймаг, нийслэлийн зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан боловсруулж, Боловсрол, соёлын газрын дарга батална. Энэ журамд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд тавигдах шаардлага, тэдний бүрэн эрхийн хэмжээ, хугацаа, багшийн ёс зүйн асуудлаар шийдвэр гаргах хуралдааны журам зэргийг тусгасан байна.

                        3.3.3 Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш,  суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн  зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

             3.3.4 Багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн төр, захиргааны  байгууллага, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгалтын дүнг харгалзаж болно.

3.3.4  Зөвлөл нь багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтийг сургууль, цэцэрлэгийн удирдлага, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга болон багшид өөрт нь  хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана.

 3.3.6. Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн  багш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.

 
Жич: Эх сурвалжийг бичээгүйд уучилна уу. Надад энэ талын мэдээлэл хэрэг болоод нэтээс гүүгэлдээд хадгалчихсан юмаа. Гүүгэлээр хайхад л гараад ирнэ. Хэн нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж бодлоо.

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 11 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax